БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
БӨМБӨГӨР СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын тухай товч танилцуулга. Бөмбөгөр сум 1924 онд байгуулагдсан. 1923 оны Засгийн газрын шийдвэрийн дагуу хамжлагыг халж, хошуудын нэрийг өөрчилж, Цогтой гүний хошууг Баянхонгор хайрхан уулын  хошуу хэмээн нэрлэсэн байна. Аж ахуйн шинжээр сумдыг байгуулахад манай сум анх 150 өрх, 8 багтай Цэцэрлэг мандал аймгийн Бөмбөгөр хайрхан нэртэй сум байгуулагдаж 1924 оноос ажиллаж эхэлжээ. Сумын төв нь 1930-аад оны үед  нүүдлийн байдалтайгаар тус сумын нутаг Тай, Цагаан ингэний гүн, Улаан худаг зэрэг газруудад нүүдэллэж, захиргаа нь  гэр контортой ажиллаж байсан ба 1938 оноос одоогийн сумын төв байгаа Худаг сүүжийн дэнжид суурьшжээ.

1931 онд Өвөрхангай  аймгийн харъяанд шилжиж харъяалагдсан ба 1934 онд эргэж Архангай аймгийн харъяанд шилжин улмаар 1941 оны Улсын бага хурлын шийдвэрээр Архангай аймгаас тасарч Бөмбөгөр аймаг байгуулагдан, одоогийн сумын төвд анх төвлөрч байсан түүхтэй. Сумын анхны засаг захиргааны  зохион байгуулалтаар анхны дарга  Баатарын Лхагвасүрэн ажиллаж байсан. Захиргаа нь дарга, туслах түшмэл, зарлага гэсэн орон тоотой байжээ.  1930 оноос дарга, нарийн бичгийн дарга, зарлага, найман багийн дарга ажилласан. 1938 оноос орлогч даргын орон тоо нэмэгдсэн байна. Бөмбөгөр сумын түүхэнд аймгийнх нь харъяалал 3 дахин өөрчлөгдсөн тохиолдол бий.

1942 онд тус сум нь 8 баг, 620 өрх,1800 хүн амтай, 122,9 мянган толгой малтай том сум болон өөрчлөгдсөн.  1940-өөд онд болсон Улсын сайн малчдын гурван удаагийн зөвлөлгөөнд малчин Пүрвээ, Амгаабазар, Дорж, Жүрмэд, Должин нар оролцож одон ,медалиар шагнагдсан юм. Мал тууварчин Д.Дэлгэр 1970 онд, Д.Авирмэд 1979 онд ”Улсын аварга тууварчин”, Ц.Жоов 1990 онд, Ж.Наваанчогдон 1992 онд, Г.Тогтохбаяр 2013 онд “ Улсын аварга малчин” цол хүртжээ.

Газар нутгийн бүтэц, нэгдмэл сангийн хэмжээ. Тус сум 304377 мянган га нутаг дэвсгэртэй. Үүнээс: Хөдөө аж ахуйн газар 298985,1 га,   Хот тосгон бусад суурин газар 7522,7 га, Усан сан бүхий газар 402га, Зам шугам сүлжээний газар 1329,4 га, 1  га газар нь Улсын тусгай хэрэгцээний газар нутаг юм.

Байгаль, Газарзүйн онцлог. Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр нь монгол орны физик газарзүйн мужлалаар Хангайн нурууны өвөр хэсэгт Байдраг, Өлзийт голын савд оршино. Далайн түвшнээс дээш дунджаар 1600-2000 м өргөгдсөн. Уулт хээрийн бүсэд багтдаг. Сумын нутгийн хойд захын цэг Заг, Галуут сумтай, өмнөх цэг нь Баацагаан сумтай, зүүн захын цэг нь Галуут, Баян-овоо сумдтай, баруун захын цэг нь Бууцагаан сумтай хиллэдэг. Сумын тахилгат уул нь Цогтой хошууны тахилгат Их цагаан овоо, Номын хан гэгээний тахилгат Ямбат хайрхан, Мэргэний багийн тахилгат Балганат хайрхан, Үйзэнгийн багийн тахилгат Дааган дэлийн овоо, Ёстын багийн тахилгат Тахилга хайрхан, туслагчийн багийн тахилгат Бөмбөгөр хайрхан юм.

Газар хөдлөлийн эрчим 7-8  балл гэж үнэлжээ.

Ашигт малтмал, байгалийн баялаг. тус сум нь алтны шороон болон үндсэн орд, чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг өнгөт ховор металл, усан ба утаат болор, хаш, мана, номин, зэрэг эрдэнийн чулуулагтай. Наанги шавар, элс, шохойн чулуу, хайрга, боржин зэрэг барилгын материалын түгээмэл тархацтай, ашигт малтмалаар арвин ордтой. Хуудсан булаг, Өлзийт гол, Цав, Алаг толгой, Далт, Гүний ам, Дэлгэрийн булаг, Бумбат, Байдраг, Дөрөлжийн худаг, Замын үзүүр, Түмэн хоньт, Шийрийн Түнтгэр уул, Тогоотын Шовх Даамай, Хув, Цагаан сайрын булан, Хайрхан, Ховоотын худаг, Орхомбо, Овоотын хөндий, Улаансайр, Цахир жалга, Бөмбөгөрийн орчимд ашигт малтмалын хайгуул хийгдсэн байна. Сумын нутаг Байдраг голын зүүн хажуугийн Жугамын амнаас одоогоос 2.5 тэрбум жилийн өмнө протерозейн эринд үүссэн боржин нуруу олдсон нь манай улсын хамгийн эрт үүссэн чулуу болох байгалийн чухал дурсгал.

Хөрс ургамал. Цайвар хүрэн, уулын хүрэн, говийн элсэрхэг бор хөрстэй, уулын болон тал хээрийн ургамалтай. Нэн ховор ургамал монгол хундага, эмийн ургамал болох говийн ганга, урал чихэр өвс, алтан гагнуур, царван, дэгд, тарваган шийр, таван салаа, бэрээмэг, цагаан агь, тошлог, навчит бургас, буйлс, харгана, далан хальс, зэрэг модлог ургамал ургадаг. Бэлчээрийн талбайд хялгана, агь, хиаг, ерхөг, суль, ботууль, таана, хөмөл зэрэг ургамалтай.

Амьтад. Ховор амьтан аргаль, янгир, ирвэс, шилүүс, түгээмэл, тархацтай амьтан чоно, үнэг, манууль, хярс, дорго, хүрэн, зурам, туулай, тарвага, ятуу, ногтруу зэрэг ан амьтадтай, тас, бүргэд, хойлог болон ангир, галуу, хун, нугас, цахлай, тогоруу зэрэг нүүдлийн шувуудтай. Үүний зэрэгцээ Монголын бахархалт шувуугаар бүртгэгдээд байгаа шонхор манай нутагт бий.

Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, зонхилох ба газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Хүн ам зүй. Тус сум нийт 2924 хүн амтай. Сумын төвд 731, хөдөө 2193 хүн ам суурьшдаг. Нийт эрэгтэй 1464, нийт эмэгтэй 1460. Өрхийн тоо 840. Суурин оршин суугч 2910, түр оршин суугч 14. Хүн амын 30 хувь нь сумын төвд амьдардаг нь сумын ихэнх ард иргэд мал аж ахуй эрхлэн хөдөөд амьдарч амьдрал ахуйгаа авч явдагтай холбоотой.

Тус сумын хүн амын насны байдлыг авч үзвэл 43 хувь нь хүүхэд, 30 хувь нь залуучууд, 17 хувь нь дунд насны, 11хувь нь ахмад үе байна.

 

Орон нутгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу нутгийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Орон нутгийн хурлын сонгох 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2012 онд байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгчтэй үүнээс 7 тэргүүлэгч. Тэргүүлэгчдийн дэргэд ажлын алба үйлчилдэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн Монгол улсын үндсэн хууль бусад хуулиудад заасан бүрэн эрхийн хүрээнд багийн ИНХ-ын бүрэн эрх болон тухайн хурлуудын тасралтгүй хуралдааны үр дүнг дээшлүүлэх  сумын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэн сумаа хөгжүүлэх орон нутгийн хөгжлийн бие даасан байдлыг хангах, иргэдийн ажилаж амьдрах санаачилж бүтээх тав тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан нэг зорилго, нэгэн санаатайгаар ажилладаг.

Мэдээ оруулсан: 2016-04-07 18:27:56